Програм бичих бол спорт

Програм бичнэ гэдэг бол нэг төрлийн спорт юм. Спортод хэн өндөр амжилт гаргадаг вэ? Мэдээж их хөдөлмөрлөсөн нь Коби өглөө хар үүрээр босоод бөөн дасгал хийснийхээ дараа 800 шидэлт хийдэг, Роналдо хамгийн түрүүнд бэлтгэлдээ ирээд хамгийн сүүлд явдаг гэж байгаа.

Тамирчид ихэнхи цагаа (магадгүй 99.9%) зөвхөн бэлтгэл хийхэд зарцуулж, яг тоглолтон дээрээ л бүхнээ гаргадаг бол бидэнд тийм боломж байхгүй цаг үргэлж л ажиллах хэрэг гардаг. Мэргэжилдээ сайн болохын тулд нэгдүгээрт таны ажил таныг үргэлж хязгаараас тань цааш түлхэдэг байх хэрэгтэй. Хэрвээ тийм биш бол өөрөө тийм ажил бодож олох хэрэгтэй.

Хоёрдугаарт тогтмол өөрийгөө хөгжүүлэх. Өөрөөр хэлбэл байнга дасгал хийх хэрэгтэй гэсэн үг. Завгүй гэдэг шалтгийг толгойноосоо авч хая та цагийг удирдах ёстой болохоос таныг цаг биш.

Дасгал гэж яг юу хийх хэрэгтэй вэ?

Тамирчид бол ойлгомжтой бүр тусдаа шинжлэх ухаан байдаг биз. Харин бид юу хийх хэрэгтэй вэ? гэж байнга л бодож явдаг байлаа. Яг одоогийн байдлаар миний дүгнэлт бол дараах хэдэн зүйлсийг тогтмол хийх.

Бодлого бод

Заавал уралдаан тэмцээнд орж амжилт гаргах албагүй зүгээр л түгээмэл хэдэн алгоримтуудыг мэддэг, хүндэвтэр бодлогууд бодож чаддаг байхад л болно. Энэ талаар дэлгэрэнгүй тусад нь бичлээ.

Нээлттэй эхтэй ноцолд

Нээлттэй эх програмын бизнесийг бараг л бүрэн эзэлж байна. Таны сонирхдог чиглэлээр ямар нэгэн нээлттэй эх байж л байгаа. Github дээр нь watch хий, хэсэг зүгээр юу болж байгааг нь хар. Локал дээрээ ажиллуулж үз, кодыг нь унш. Хамгийн энгийн issue-нээс хийж эхэл. Үг үсгийн алдаа байсан ч хамаагүй.

Хувийн төсөл хөгжүүл (Side project)

Нээлттэй эхтэй ноцолдсноор яаж програм хийдгийг мэдэж авсан бол тэр туршлагаа амьдралд хэрэгжүүл. Өөрөө цоо шинэ төсөл эхлүүлж, дуусгаж заавал үз. Санаа олдохгүй байна гэж үү? Өөрийнхөө хэрэглэдэг програмаа л өөртөө зориулаад хийчих бусад хүмүүс хэрэглэвэл сайн л биз, үгүй бол тэр л биз.

Байнга унш

"Програмистуудын унших ёстой номнууд" гээд хайхад л зөндөө гарч ирнэ. Нэг нэгээр нь барьж аваад тогтмол унш. Шинэ соргог мэдээлэлтэй блогуудыг дага, имэйл жагсаалтанд бүртгүүл.

Шинэ хэл сур

Манайхан нэг хэлэндээ гайгүй болчихоод тэр "компорт зон"-оосоо гарахгүй л байх шиг. Жилд нэг шинэ хэл сурах хэрэгтэй. Заавал гүнзгий сурах шаардлагагүй. Жишээ нь дээр дурьдсан бодлого бодохдоо нэг бодолтоо олон хэл дээр хийх ч юм уу. Шинэ хэл шинэ ертөнцийг нээж өгнө, асуудлыг шинээр өөр өнцгөөс харах боломж олгоно.

За эдгээрийг тогтмол, тууштай хийгээд л байвал та урагшлаад л байх болно.

Ажилладаг газраас тань таныг сургана гэж хүлээвэл ёстой л мянгуужингийн үлгэр гэдэг л тэр байх. Эсвэл за сургуулиа төгсчихлөө одоо нэг сурах гэдгээс салах байгаа гэж бодож байвал тун буруу бодож байна. Энэ мэргэжлээр амжилт гаргая л гэж бодож байвал үргэлж л сурах хэрэг гарна. Бусад мэргэжил ч ялгаагүй байх дөө.

Цаг гаргаж уншсанд баярлалаа. Амжилт хүсье.

Санал, сэтгэгдлээ үлдээгээрэй. Таалагдсан бол бусаддаа хуваалцаарай.

Delgermurun Purevkhuu

web developer.

Ulaanbaatar, Mongolia http://delgermurun.com